![]()
Зураг (Улаанбаатар дахь гөлөг, жишээ зураг): Martin Vorel / Wikimedia Commons, CC0
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гэр хороололд тэжээж буй нохой, муурыг нэг удаад бүртгэлжүүлж, вакцинд хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргалын мэдээлснээр 2024 онд батлагдсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн дагуу нохой, муур тэжээгч иргэн амьтнаа бүртгүүлэх, эмчлүүлэх, үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх үүрэгтэй. Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Мал эмнэлгийн ерөнхий газар холбогдох нарийвчилсан журмын төслийг боловсруулж байна.
Нийслэлд мал, амьтны эмнэлгүүд орон сууцны айл өрхийн нохой, муурт спей зэрэг эмчилгээ хийдэг ч гэр хороололд тэжээгдэж буй амьтанд вакцин, туулга, спей, эмчилгээ хийх, бүртгэлд хамруулах үйл ажиллагаа явагддаггүй. Энэ нь нийслэлд халдварт өвчин тархах эрсдэлтэй тул нийслэлээс нэг удаад бүртгэлжүүлэх, вакцинд хамруулах ажлыг зохион байгуулна. Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр нийслэлд гэрийн тэжээвэр 41,077 нохой, 3,636 муур бүртгэгдсэн байна.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд, хуучнаар хар үнэгний фермийг нохой, муур түр асрамжлах байр болгожээ. Тус байранд одоогоор 168 орчим нохой, 40 гаруй муур байна. Гэрийн нөхцөлд дассан нохойг түр асрамжлах төвийн өвлийн байранд байлгадаг бөгөөд уурын зуухыг 11 дүгээр сарын 15-наас галладаг. Ажилтнууд модоор нохойн үүр хийж, өвс дэвсэн том нохойг байлгаж, жижиг нохой болон гөлөгнийг өвлийн байранд оруулдаг байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 2025 онд 8,000 гаруй, 2026 онд 22,000 гаруй айл өрх газар чөлөөлөлтөд өртжээ. Орон сууцанд орж буй зарим айл нохойгоо асрамжийн байранд авчирч өгдөг бол эдгээр айл өрхийн нохой гудамжинд гарах эрсдэл үүсч байгааг УБЗАА онцолсон. Нохой, муураа асарч чадахгүй болсон иргэнийг эзэнгүй орхихгүй, асрамжийн түр байранд авчирч өгөхийг уриалав.
Эзэнгүй нохой, муурын тоог эх үүсвэр дээр нь багасгах зорилгоор энэ онд 4,700 орчим нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийсэн байна. Гудамжинд золбирсон нохой ууланд гарч зэрлэгшин мал, амьтан барих тохиолдол их бүртгэгддэг тул эзэд нь тэжээж буй амьтнаа эрүүл мэндийн үзлэг, вакцинд хамруулж, хариуцлагатай байхыг УБЗАА хүссэн.
скачать dle 12.0