![]()
Зураг (Улаанбаатарын ДЦС-3-ын яндан, ДЦС-5-ын зураг биш): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ДЦС-2-ын Үнсэн сангийн 26.4 га талбайд баригдаж буй «Дулааны тавдугаар цахилгаан станц»-ын (ДЦС-5) барилга угсралтын гүйцэтгэл 35 хувьд хүрчээ. Бүтээн байгуулалтын ажил энэ оны тавдугаар сарын 4-нд эхэлсэн.
Нийслэлийн Нэгдсэн Төслийн Газрын мэдээлснээр одоогийн байдлаар зураг төслийн ажлын гүйцэтгэл 57 хувь, материал худалдан авалт болон тоног төхөөрөмжийн захиалгын явц 45 хувь, барилга угсралтын гүйцэтгэл 35 хувьтай байна. Төслийн нийт гүйцэтгэл 4 дүгээр сарын 22-оос хойш 44 хувьтай үргэлжилж байгаа аж.
Станц 300 мегаваттын хүчин чадалтай бөгөөд жилд 40 мянган айл өрхийг дулаанаар хангахаар тооцжээ. Хэвийн ажиллахад жилдээ 2.2 тэрбум киловатт цахилгаан эрчим хүч, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.
ДЦС-5-ыг барих нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар. Үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20 хувь буюу 131.7 сая ам.доллар бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ны ханшаар 467.4 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. 2026 онд төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоон 2028 оны III улиралд ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-д тусгасан байна.
Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Камбож улсын «Митайм интернэйшнл» компани шалгарчээ.
скачать dle 12.0