Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллийнхээ эхэнд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг талаарх товч мэдээллийг хүргэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.
13220 аж ахуйн нэгж, байгууллагад дотор орчны ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ
Нийслэлийн 173 хороонд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хөрсний ус хуримтлагдсан газруудыг мөн цэгцэлж байна. Нийт 1 сая 510 мянган м/кв талбайг цэвэрлэж ариутгасан. Энэ ажлуудыг цаашлаад тогтмол хийдэг болно. Ариутгаагүй газар байвал та бүхэн хотын холбогдох байгууллагуудад мэдэгдээрэй. Өнөөдрийн байдлаар нийт 13220 аж ахуйн нэгж, байгууллагад дотор орчны ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн Нийслэлийн Онцгой комисс коронавирус халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ес, ажлын хэсэг таван удаа хуралдаж, хурлын тэмдэглэл шийдвэрүүд гаргасны дагуу бүх шатны ажлууд зохион байгуулагдаж байна. Нийслэлийн Засаг дарга 17 удаа захирамж гаргасан. Түүнчлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зорчигчдын хөдөлгөөнд хяналт тавьж, мэдээллийн сан бий болгож ажиллаж байна гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 11 гал түймрийн осол гарчээ
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Нийслэлд 11 гал түймрийн осол гарсан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт хар тос, хөөсөнцөр, хар цаас, хар лак зэрэг зүйлс агуулсан агуулах шатсан осол болсон. Уг галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Тавдугаар сарын 24-ны өдрийн 08:00 цагаас тавдугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэл рүү орсон 33500, гарсан 31000, нийт 64500 тээврийн хэрэгсэл бүртгэгдлээ гэв.
Нийслэлийн есөн дүүрэгт зөвшөөрөлгүй баригдсан хашаа хороог цэгцлэх ажил үргэлжилж байна
Өнөөдрийн байдлаар 42 аж ахуйн нэгжийн хашаа хороог өөрчлөх, шинэчлэх, буулгах ажил хийгдэж байна. Энэ ажилд зарим аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо. Санаачлагатай оролцож, хашааныхаа өнгө үзэмжийг шинэчлэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье. Мэдэгдэл, шаардлага өгсөн ч ямар нэгэн санаачилга гаргахгүй байгаа аж ахуйн нэгж, албан байгууллагууд бас байна. Өнгөрсөн хугацаанд 12 аж ахуйн нэгж, байгууллагын хашааг албадан буулгасан. Стандартын шаардлага хангаагүй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг алдагдуулсан хашаа, хороог буулгах ажил зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ ажил шаардлагатай гэвэл цаашид үргэлжлээд явна. Цаашид хэн дуртай нь хаа дуртай газраа хашаа барихгүй. Хэрвээ хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол нийслэлээс баталсан стандартын дагуу хашаа хороо, барилгаа барина. Зөвхөн аж ахуйн нэгж гэлтгүй айл өрхүүд ч үүнд хамаатай. Өөрийнхөө эзэмшсэн хашаа, хороондоо эзний ёсоор хандаарай гэдгийг Хотын Захирагч мэдээлэлдээ онцолж хэллээ.
Мөн “Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрыг цуцалж, ахмадын эсвэл ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг холбогдох газруудад зураг төсөл боловсруулагдаж байна. Ямар нэршилтэй, ямар байдлаар тохижуулах талд иргэдээс нээлттэй санал авна” гэдгийг мөн дуулгалаа.
Хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуультай хамтран ажиллах ажлыг эхлүүлж байгаа гэдгээ онцолж хэллээ. Нийслэл даяар иргэдийн эрүүл мэнд эмчилгээ, оношилгооны үйлчилгээг түргэн шуурхай болгох, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэн хөгжүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилгоор эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг бэлтгэх ажлыг зохион байгуулж эхэлж байна. Энэ хүрээнд боловсон хүчин бэлтгэхэд АШУҮИС-тай хамтарч ажиллана гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0