Койн, токен шинээр гаргаж, хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэргийг шалгаж байгаа


Койн гаргасан нэр бүхий хүмүүсийг зохиомол байдал бий болгож, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл гараад байна.

Энэ тухай Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд шалгах ажиллагааг явуулж байгаа.

Өөрөөр хэлбэл, виртуал хөрөнгө буюу койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэллээ.

Ташрамд дурдахад, манай улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Мөн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэргийг шинээр тодорхойлсон юм.

Тэгвэл шинээр батлагдсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулиар салбарын зохицуулагч байгууллагыг Санхүүгийн зохицуулах хороогоор тодотгосон бөгөөд хорооноос энэ оны зургаадугаар сарын 25-наас есдүгээр сарын 26-ны хооронд бүртгэлийн ажиллагаа явуулж “Айдакс” ХХК, “Койнхаб” ХХК, “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК нар бүртгэлд хамрагдсан бол өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зургаан компанийг нэмж бүртгэжээ.

Өөрөөр хэлбэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч есөн компани албан ёсны бүртгэлтэй байна.

Түүнчлэн "Монгол Улсын хэмжээнд нийт 73 ширхэг койн гарснаас одоогийн байдлаар 36 койны арилжаа хийгдэж байгаа. Урьдчилсан худалдаа хийгдэж, хөрөнгө босгоод алга болсон дөрөв, анхдагч арилжаагаар мөнгө босгоод алга болсон дөрвөн койн тус тус байна. Мөн улсын хэмжээнд 23 крипто бирж байгуулагдсанаас СЗХ-ноос зөвшөөрөл авсан нь цөөн буюу ихэнх нь хуулийн хүрээнд ажиллаагүй. Үндсэндээ үйл ажиллагаа нь үргэлжилж буй 16, аппликэйшн нь ажиллаж байгаа нэг, хаагдсан зургаан бирж байгаа" талаар өмнө нь Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлж байсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ