БНСВУ-ын мал эмнэлгийн экспертүүд Монгол Улсад айлчлав


Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны дэд сайдын айлчлал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсаас Вьетнам Улсад хонь, ямааны гүн хөлдөөсөн мах нийлүүлэхэд малын эрүүл мэндийг хянах тогтолцоо, махны үйлдвэрүүдийн эрүүл ахуй, нөхцөл байдал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Мал амьтны эрүүл мэндийн газрын экспертүүд манай улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын мал эмнэлгийн байгууллагын бүтэц тогтолцоо, малын өвчний нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, малчны хотоос мал төхөөрөх үйлдвэр, хэрэглэгч хүртэлх бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгих, үйлдвэрүүдийн хүчин чадал, төрийн байгууллагуудтай уялдаа холбоо, мах экспортлох үеийн техникийн болон эрхзүйн баримт бичгүүдтэй танилцах уулзалтыг МХЕГ, ГЕГ-тай хамтран зохион байгуулав.

Вьетнам Улсын экспертүүд МЭЕГ, УМЭАЦТЛ, Булган аймгийн Мал эмнэлгийн газар, мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг, “Булган мах маркет”ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Агро нэгтгэл трейд”ХХК, “Цалуут импекс”ХХК зэрэг мал төхөөрөх үйлдвэрүүд, Төв аймгийн Баяндэлгэр сумын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, малчин өрх, “Нүүдэлчин агро ферм”-д зочлон үйл ажиллагаатай нь танилцав.

Монгол Улсын мал эмнэлгийн өнөөгийн тогтолцоо, мал, амьтны өвчнийг хянах хөтөлбөрийн хэрэгжилт, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, шилжилт хөдөлгөөнийг мал төхөөрөх үйлдвэр, хэрэглэгч хүртэл хянах боломж бүрдсэн, үйлдвэрүүдийн хүчин чадал, эрүүл ахуй, ариун цэвэр, олон улсын стандарт нэвтрүүлсэн байдал зэрэг нь Вьетнам Улсаас Монгол Улсад тавигдах мал эмнэлгийн болон мах экспортлох шаардлагыг бүрэн хангаж байгаа талаар экспертүүд онцлон дүгнэлээ.

Монгол Улсаас хонь, ямааны гүн хөлдөөсөн мах импортлох ажлыг эрчимжүүлэх, мах импортлох үеийн техникийн нөхцлүүд болон мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг нэн яаралтай баталгаажуулахаар талууд шийдвэрлэлээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ