Ердөө 5 кг илүүдэл жин өвдөгний үе солиулах хэрэгцээг нэмэгдүүлдэг болох нь шинэ судалгаанаас харагджээ


Хүн дунд насандаа хэдхэн килограмм илүүдэл жинтэй байхад өвдөгний үе солиулах шаардлагатай болдгийг Австралийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаа харуулжээ.
Тухайлбал 5 кг илүүдэл жин өвдөгний үеэ бүрэн солиулах хэрэгцээг эмэгтэйчүүдийн хувьд 34 хувиар, эрэгтэйчүүдийн хувьд 25 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл биеийн жингийн багахан илүүдэл нь өвдөгний үений хамгийн түгээмэл өвчин болох остеоартритын эрсдэлийг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлэг ажээ.
Австралийн Мельбурн хотод болсон Олон Улсын Таргалалтын Конгрессын үеэр эрдэмтэд энэхүү судалгаагаа танилцуулсан байна.
Остеоартрит нь өвдөгний үе өвдөж, хөшихөд хүргэдэг эмгэг юм.
Бүрэн эмчлэх арга байхгүй ч амьдралын хэв маягаа өөрчлөх, өвдөлт намдаах эм уух зэрэг аргуудыг түгээмэл хэрэглэдэг.
Хүндэрсэн тохиолдолд өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийлгэдэг байна.
Тиймээс ийм өвчнөөс сэргийлэх нэг гол арга нь биеийн жингээ хэвийн хэмжээнд хадгалах юм.
“Жин хасах нь үе мөчний ачааллыг бууруулж, үрэвслийг бууруулах замаар өвдөгний үений остеоартритын шинж тэмдгийг багасгахад тусалдаг” гэж судалгааг ахалсан Австралийн Монаш их сургуулийн профессор Анита Влука ярьж байна.
“Гэвч өвдөгний өвдөлтийг бууруулахад биеийн жингээ ядаж 10 хувиар хасах шаардлагатай байдаг. Остеоартриттай хүний хөдөлгөөн хязгаарлагддаг тул энэ нь биелүүлэхэд маш хэцүү юм. Тиймээс жин нэмэхээс урьдчилан сэргийлэх нь жин хасахаас илүү хялбар, биелж болохуйц зорилго байдаг. Энэ шалтгаанаар бид биеийн жин болон остеоартритын хоорондын хамаарлыг судлахаар шийдсэн юм” гэж тэр ярьжээ.
Түүний ахалсан баг өмнө нь хийгдсэн олон зуун мянган хүнийг хамруулсан 20 орчим судалгааны үр дүнг нэгтгэн шинжилсэн юм байна.
Ингээд биеийн жин, өвдөгний үений гэмтлийн хооронд маш их хамаарал байдгийг тогтоожээ.
“Дунд насанд хэвийн жингээ хадгалах нь өвдөгний үений остеоартрит үүсэх эрсдэлийг бууруулж, нэгэнт остеоартриттай болсон хүмүүсийн өвдөлт, гэмтэл, өндөр өртөгтэй үе солиулах хэрэгцээг бууруулдаг нь харагдлаа” гэж Анита Влука судалгааны дүгнэлтдээ бичжээ.
 
Эх сурвалж: DPA
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ