“Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн асуудлаар чадавх бэхжүүлэх” туршлага солилцох арга хэмжээ БНСУ-д боллоо

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба (Ажлын алба) Азийн хөгжлийн банктай  хамтран “ТА-10205 МОН: Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техник туслалцааны төслийн хүрээнд “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн асуудлаарх чадавх бэхжүүлэх” арга хэмжээг БНСУ-д 2024 оны 08 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Чадавх бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд дараах 6 байгууллагын төлөөөлөлтэй уулзаж, жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх 2 орны сайн туршлага, тулгамдаж буй асуудлын талаар санал, мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүллээ. Үүнд:
БНСУ дахь Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд захирал Жин Хи ли /Jin hee Lee/ болон албаны бусад төлөөлөл уулзаж, үйл ажиллагаатай танилцаж, 2 орны жендэрийн тэгш байдлыг хангах бүтэц тогтолцоо, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охид, хөвгүүдийн хөгжлийн асуудлаарх хууль эрх зүйн орчин болон жендэрийн өнөөгийн нөхцөл байдал, ахиц, дэвшил, тулгамдаж буй асуудлаар;
БНСУ-ын Сан Фловер (Sun flower shelter) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байрны зөвлөх багийн ахлагч Хон Сеонжин / Hong Seongjin/  болон багийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр буюу хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд болон хохирогчдын гэр бүлд эрүүл мэнд, хууль зүй, нийгмийн болон зөвлөн туслах анхан шатны үйлчилгээг үзүүлж буй асуудлаар;
Жендэрийн тэгш байдлыг дэмжих боловсролын хүрээлэн (KIGEPE)-ийн холбогдох төлөөллүүдтэй уулзаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх, жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох хүрээнд хэрэгжүүлж буй асуудлаар 2 орны үйл ажиллагаа, сайн туршлагаа харилцан солилцож, түүнчлэн тус хүрээлэнтэй байгуулсан харилцан ойлголцлын хамтын ажиллагааны санамж бичиг (2023 оны 09 дүгээр сард байгуулсан)-ийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл;
БНСУ-ын Эва (EWHA) их сургуулийн Эмэгтэйчүүдийн төвийн  Ли Юна /Lee Yuna/ захирал болон бусад албаны төлөөлөл хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтаараа Эва (EWHA) их сургуулийн үйл ажиллагаа болон бүтэц, тогтолцоо, жендэрийн тэгш байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх болон эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаарх судалгаа болон жендэрийн бодлогыг ЗГ-ын болон орон нутгийн холбогдох бодлого, үйл ажиллагаанд тусгахад шийдвэр гаргагч нарт хэрхэн нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг асуудлаар;
БНСУ-д суугаа Монголын элчин сайд С.Сүхболд болон албаны бусад төлөөлөлтэй уулзаж, элчин сайдын яамны үйл ажиллагаа болон БНСУ дахь Монголчуудын өнөөгийн жендэрийн нөхцөл байдал, өсвөр үе, охид, хөвгүүдэд тулгамдаж буй боловсролын асуудал болон визний хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй хүмүүсийн асуудлаар;
БНСУ дахь Уур амьсгалын сангийн гадаад харилцааны газрын захирал С.Оюун, тус сангийн Хараат бус шударга байдлын нэгжийн хүртээмж, оролцоо хариуцсан менежер Н.Баярцэцэг  болон бусад албаны төлөөлөлтэй уулзсан. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн сангийн үйл ажиллагаа, Монгол улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон тус сангийн жендэрийн бодлогыг танилцуулж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, даван туулах, дасан зохицох чиглэлээрх асуудлаар тус тус санал болон мэдээллээ солилцож, дээрх байгууллагуудтай хамтран ажиллалаа.
Тус арга хэмжээнд нийт 11 (үүнд: Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас 3, Хорооны гишүүн байгууллага ТББ-аас 1, орон нутгаас 5, нийслэлийн дүүргээс 1 төлөөлөл болон тус төслийг санхүүжүүлэгч АХБ-наас 1 төлөөлөл) хүний бүрэлдэхүүнтэй баг хамрагдаж ажиллалаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ