Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан зэргийг танилцууллаа. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг Сангийн яам боловсруулж байгаа гэлээ.

