Цагдаагийн байгууллагаас “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-тэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, хөлдөлт, осголт зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл хугацаанд “ХЭТРҮҮЛЭЭД ХЭРЭГГҮЙ” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 39.802 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6459 буюу 16.2 хувь нь согтуугаар үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 26,8 хувиар өссөн, согтуурсан үедээ зөрчил үйлдэж саатуулагдсан 33’764, эрүүлжүүлэгдсэн 6’649 хүн байгаа нь урьд оны мөн үеэс 48,4 хувиар буурсан боловч зөрчил үйлдэж саатуулагдсан хүний тоо 8.0 хувиар өсчээ.
Иймд энэхүү арга хэмжээ нь иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, буруу зуршлаас үүдэлтэй нийгэм, хувь хүнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улмаар татгалзуулж зөв хандлага, соёл, хэрэглээг төлөвшүүлэхэд уриалж, сурталчлан таниулахад чиглэх юм.