Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзлаа. Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгахыг Засгийн газраас чиглэл болгосон. Энэ хүрээнд Мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж байна. Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсооход гаднын улсууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажилласнаас хойш долоо хоногт 7-11 гэмт хэрэг илрүүлж, энэ төрлийн ургамлыг устгах ажил 95 хувьтай байна. Мөн синтетик төрлийн бодис улсын хилээр хууль бусаар оруулж ирдэг найман бүлгийг илрүүлж, эрүүгийн хариуцлага ногдлуулах ажил үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд мэдээллээ. 
Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа Засгийн газарт танилцуулах үүрэг болгосон. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус албыг 145 орон тоотой байгуулахаар төлөвлөж байгааг энэ үеэр танилцууллаа. 
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авдаг болсонтой холбогдуулан улсын хэмжээнд энэ төрлийн гомдол мэдээлэл нэмэгджээ. Оны эхний есөн сарын байдлаар 33771 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 19,7 хувь өсжээ. Үүний 35,3 хувийг залилах төрлийн гэмт хэрэг, 16 хувийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 15,3 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэргийн 93 хувийг цахим залилан эзэлж байна. Иймээс залилуулсан байж болзошгүй гомдлын мөрөөр сэжигтэй гүйлгээний 4.8 тэрбум төгрөгийг дансанд нь царцаажээ. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч, хохирогч болохоос сэргийлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох хүмүүст анхаарууллаа. Төрийн тусгай алба хаагчдад 36 сарын тэтгэмж олгохыг зогсоосон гэсэн үндэслэлгүй, худал мэдээллийг таслан зогсоож, үнэн зөв мэдээлэл өгөхийг чиглэл болголоо. 
Авлигатай тэмцэх ажлын хүрээнд есөн хуульд өөрчлөлт оруулна
Нийгмийн шударга ёсыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 02 дугаар албан даалгавар 2025 оны  долоодугаар сард гарсан. Албан даалгаврын биелэлтийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар мөн танилцлаа. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд нийт есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хэллээ. Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулж, энэ оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ