13хан настай, улаахан хацартай хөөрхөн охинд золгүй явдал тохиолдож мориноос унаж хөлөө бэртээжээ



"13хан настай, улаахан хацартай хөөрхөн охинд золгүй явдал тохиолдож мориноос унаж хөлөө бэртээжээ. Аймгийн эмчид үзүүлтэл хөлийг нь тайрахаас аргагүй гэсэн байна. Гэтэл юу болсон гэж санана аа... халамцуу эмч өвчтэй биш эрүүл хөлийг нь тайрчихжээ. Мэдээж өвчтэй хөлөө ч бас тайруулсан байна. Охин гуньж гутарч ч мэдсэнгүй, тэр тухай ойлголт ч үгүй хэтэрхий жаахан байж дээ... Харин насанд хүрч бүсгүй шинж орохын хирээр өөрийгөө ямар болсноо ухамсарлах болж.
Олон хүүхэдтэй сэхээтэн айлын хүү, нэгэн сайхан залуу түүнд хайраа илчилж ханилан суухыг хүсэхэд сэтгэл хөдөлсөн боловч санааныхаа цаад мухарт "Над шиг хүнд хөл хучих үр хүүхэд хэрэгтэй. Ямар ч байсан үртэй л болъё. Бусад нь ч тавилангаараа болог дээ. Энэ сайхан хүн насаараа над шиг хөлгүй хүнтэй ханилаа ч уу, үгүй ч үү, яваад өгвөл гомдох учиргүй" гэсэн шүү юм бодож. Харин тэр залуугийн хайр чин сэтгэлийн үнэн халуун хайр байж бүсгүйтэйгээ 35 жил ханилаад ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Хайрт бүсгүйдээ хөлийг нь хучих үрээ үлдээснээс гадна насаараа хөдөлмөрлөөд олсон мөнгөөрөө 4 давхар байшин эхлүүлсэн байжээ. Харамсалтай нь гүйцээж амжсангүй.
Ажил төрөл эрхлэх боломжгүй 2 хөлгүй бүсгүй хүний дээд болсон ханьдаа өчүүхэн ч гэсэн нэмэр болох гэж Багшийн дээдийн урд гадаа сууж жижиг сажиг бараа борлуулдаг байж. Ханиа өөд болоход эхлүүлсэн ажлыг нь гүйцээж л ханийнхаа хойдын буяныг хийе гэж шийдсэн бүсгүй суурь тавьж карказ босгоод орхисон байшинг нь үнэ хаяж худалдаж авах гэсэн бүх саналаас эрс татгалзаж, Багшийн дээдийн урдах "ажлын байр"-аа орхиод нөхрийнхөө үлдээсэн машин, өөрийн ээмэг, бөгж, ер байж болох бүхнээ барьцаанд тавиад 1,5 тэрбум төгрөг зээлж барилгыг дуусгажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний зовлонг мэдэхийн дээдээр мэддэг хүний хувьд тэднийг хөлтэй, гартай, ядаж харахад эрхтэн бүтэн болгодог үйлсэд байшингаа зориулахаар шийдэж эргэлзэж тээнэгэлзэлгүй протезийн үйлдвэр байгуулсан байна. Энэ нь их ашиг олдог сүрхий том бизнес байж чадсангүй, ЗГ-ын 153-р тогтоолоор протезийн жишиг үнийг нэгэнт баталсан тул түүнээс илүү гаргаж зарах ч бололцоогүй. Гэсэн ч Оюунцэцэг үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, заримыг нь түрээсэлж, сувилал ч ажиллуулж, бусдыг ч хамтран хөрөнгө оруулагчаар татаж, арга чарга сүвэгчилсээр ямар ч байсан 24 хувийн хүүтэй зээлийн хүүнд 200 гаруй сая төгрөг төлчихөөд байгаа ажээ.

Хиймэл гар, хөл, зориулалтын гутал, таяг, хөтөвч гээд тэргэнцрээс бусдыг л хийнэ. Байсгээд гэмтлийн эмнэлгээс дуудлага ирж, хөл гараа тайруулах гэж байгаа хүмүүсээс хэмжээ авна. Хиймэл гар хөлөндөө дасах зориулалтын дасгалын зам ч үйлдвэр дотор нь байна.
Нэг дарга нь ирж үзэхдээ " Яасан ч өргөн хаалганууд хийсэн юм, хэрэв нарийн хаалга хийсэн бол зөвхөн хаалганаасаа чамгүй мөнгө хэмнэх байж шүү дээ" гэж заавардсан гэнэ. "Үгүй ээ, манайхаар дандаа хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүс ирж үйлчлүүлдэг болохоор хаалга нь ийм байхгүй бол болдоггүй юмаа" гэж тайлбарласан, ойлгосон царай харагдаагүй гэнэ.
Өмнөх засгийн үед гэрээлээд аймгуудад протезоо нийлүүлдэг байсан бол саяхнаас тендер зарладаг болжээ. Тендерт барагтай бол ялчихдаг байснаа больж оронд нь гаднаас протез оруулж ирдэг компаниуд, аптекууд ялах болжээ.
Асар өндөр өртгөөр бүтдэг протез нийгмийн даатгалаас ямар нэг хөнгөлөлт, буцаан олголт байхгүй. Гэсэн ч ядарсан хүмүүст өөрсдөө хөнгөлөлт үзүүлж өртгөөр нь хийж өгөөд гаргах энүүхэнд. "Тэдний зовлонг би ойлгохгүй бол хэн ойлгох билээ, энэ бол миний хувьд бизнесээс илүү зүйл" гэж тэр бүрэн итгэнэ.
23 ажилтантай, тэдний 5 нь хөгжлийн бэрхшээлтэй. Заримдаа цалингаа тавьж чадахгүй хэдэн сар болохоороо санаа нь зовоод "Та нар минь амьдралаа бодох уу" гэж итгэлгүйхэн хэлнэ. Тэд нь ч захирлаа сайн ойлгодог болохоор "Зүгээр дээ, 10 жил ажилласан хамт олноо орхиод, таны зовлонг харсаар байж яаж орхиод явахав. Та ямар бидний цалингаар энэ дээдчүүл шиг өөрөө тансагласан биш дээ. Удахгүй болно доо, болно" гэж хэлээд нулимсыг нь урсгачихна. Тэр тусам чангаран зориг, урам орж, 2 хиймэл хөлөө хийж, таягаа тулж аваад орж болох нүх сүв болгоноор шагайна, зовлонгоо учирлаж, "Би төлөхдөө л төлнө, хугацааг нь л боломжийн сунгаад өгчихвөл би чадна!" гэж амласаар явна.
Э.Бат-Үүл дарга байхдаа үйлдвэрийг нь ирж үзээд ихээхэн дэмжлэг үзүүлж Нийслэлийн хөрөнгө оруулалтаас лифтийг нь шийдэж өгсөн байна.
Харин одоо хэдхэн хоногийн дараа түүний амьдралын нандин түүх болсон энэ байшинг дуудлага худалдаанд оруулж банкны өрөнд хурааж авах гэж байна. Энэ бүсгүйн байшинг хураахаар С.Баярын долоон хаусыг хураадаг болоосой! гэж зүрх сэтгэлтэй хэн ч уурсан бухимдмаар...
Эрхэм нандин түүхтэй энэ бүсгүйг хүндэлж өчигдөр өглөө үйлдвэрээр нь ороод бахархахын хамт сэтгэл өвдөж, би юугаар тусалж чадахаа эргэцүүллээ. Юу ч гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн утсанд товч зурвас бичээд орхилоо. Орой нь Оюунцэцэг захирал маш их баяртай утастаж байна: "Ерөнхий сайдын зөвлөх Алтангэрэл гэдэг хүн ярилаа. Маргааш манай үйлдвэр дээр ирнэ гэнэ. Эгч нь чамд маш их баярлалаа" гээд хоолой нь зангирч байна. Яг одоо Ерөнхий сайдын зөвлөх энэ бахархам бүсгүйн өрөөнд суугаа юм байна. Энэ бүсгүйн НАНДИН ЭРДЭНЭ болсон ЭРХЭМ ЧАНАРыг хамгаалан үлдэж, түүгээр дамжин олон олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тус, буян болоосой!"
Г.Уянга
Аль гурван жилийн өмнө ингэж бичиж байсан. Бүгд уулзах л юм, зургаа татуулах л юм... Яг тусалж болохгүй л байгаа юм байх даа, энэ бүсгүйд?!
Ариун хайрын нь түүх, ханийнх нь цор ганц өв болсон байшин нь хураагдчихаж!
Гэгээлэг, өнгөлөг, хүнлэг бүхнийг зоос, мөнгө харанхуйлан тагласан аймаар муухай хөндий, хүйтэн цаг үе.

Uyanga Gantumurскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. ivermectin 3mg tab

    Isotretinoin Acne

Next Post
  • Шинэ мэдээ