
Зураг (Нэг удаагийн болон цэнэглэдэг цахим тамхи): АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) / Wikimedia Commons, Public domain
Монголчууд тамхинд зарцуулах мөнгөө жил ирэх тусам нэмэгдүүлсээр байна. Гаалийн ерөнхий газрын статистикаас харахад 2026 оны эхний есөн сард нийт 81.9 сая ам.долларын буюу 295 орчим тэрбум төгрөгийн тамхи, тамхин бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16.4 сая доллараар илүү юм.
Есөн сарын дотор 2.9 тэрбум ширхэг тамхи орж ирсэн нь өмнөх оноос 2.4 хувиар, 2024 оноос 13 хувиар их. Үнийн дүнгээр 64.4 сая доллар болж, 16.6 хувиар өсчээ.
Цахим тамхины импорт 5.49 сая ширхэгт хүрч, өнгөрсөн жилийн 3.6 саяас 52 хувиар өсөв. Үнийн дүн нь 64.5 хувиар нэмэгдэж 16 сая доллар давсан бөгөөд нийт тамхины импортын үнийн дүнгийн тавны нэг орчмыг эзэлж байна.
Хамгийн хурдан өсөлт халаадаг тамхинд гарчээ. Өнгөрсөн жил ердөө 55,200 ширхэг импортолсон бол энэ жил 9.8 сая ширхэг болж, 177 дахин нэмэгдсэн байна.
Одоогоор цахим болон халаадаг тамхийг тусгайлан зохицуулсан хууль алга. 76 гишүүний санаачилсан Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл 7 сарын 2-нд эцсийн хэлэлцүүлэгт орсон ч батлагдаагүй үлдсэн. Төслийг намрын чуулганаар дахин хэлэлцэх төлөвтэй байгаа юм. Хэрэв батлагдвал эдгээр бүтээгдэхүүнд татвар ногдуулж, насанд хүрээгүй хүүхдэд худалдахыг хориглох юм.
Хүүхэд, залуучуудын дунд цахим тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн тул хуулийн шийдвэрийг олон эцэг эх хүлээж байна.
скачать dle 12.0