![]()
Зураг (Дорнод аймгийн Халхгол сумын байгаль): baterdene_0933 / Wikimedia Commons, CC BY 3.0
Дорнод аймагт сүүлийн өдрүүдэд гарсан хоёр томоохон түймрийг өнөө шөнө хяналтад авч чадлаа.
Халхгол сумын Цогтсүмбэр багт, Нөмрөгийн дархан цаазат газарт 10 сарын 8-нд ой хээрийн түймэр гарсан. Эхний гурван өдөр түймэр Задгайт, Хоньт, Азарга уулын орчим тархаж, гал сөнөөгчид цурамд оруулж чадаагүй байв. Дорнод, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн онцгой байдлын газар, Багануур дүүргийн онцгой байдлын хэлтэс, хилийн цэргийн анги, дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид, сумын иргэд хүч нэгтгэж, нийт 140 гаруй хүн, 18 техник ажилласан.
Түймэр унтраах ажилд туслах зорилгоор Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв үүлэнд зориудаар нөлөөлөх хоёр ч ажиллагаа явуулсан байна. Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр түймрийг өнөөдөр 00:55 цагт цурамд оруулж, одоо бүрэн унтраах ажил үргэлжилж байна.
Үүний зэрэгцээ Матад сумын Жаргалант багийн Сүүл сэрвэн гэх газарт 10 сарын 11-нд хээрийн түймэр бүртгэгдсэн. Түүнийг өнөөдөр 01:10 цагт цурамд оруулж, 06:45 цагт бүрэн унтраажээ.
Намар өвс ургамал хатаж, салхи ихсэх үед өчүүхэн оч ч том түймэр болж хувирдаг. Ой, хээр явахдаа гал түлэхгүй байх, тамхины иш хаяхгүй байх, машины яндангийн оч, шилний хэлтэрхий зэргээс болгоомжлох хэрэгтэй. Түймэр анзаарвал 105 дугаарт яаралтай мэдэгдээрэй.
скачать dle 12.0
1 Сэтгэгдэл