«Годзилла Минус Зиро»-гийн сүүлийн трейлер гарлаа: Оскарын эзэн мангас 1949 оны Японд илүү том болж эргэн ирнэ

Зураг (Токиогийн Хибиягийн «Годзилла талбай» дахь хөшөө): Wpcpey / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Японы алдарт мангас Годзилла дахин дэлгэцэнд гарахад ердөө гурван долоо хоног үлдлээ. «Тохо» студи болон Америкийн GKIDS компани «Годзилла Минус Зиро» (Godzilla Minus Zero) киноны сүүлийн трейлерийг Ням гарагт цацаж, үзэгчдийн хүлээлтийг улам өдөөлөө.

Энэ бол 2023 онд гарч, олны таашаалд нийцсэн «Годзилла Минус Ван» (Godzilla Minus One) киноны үргэлжлэл. Анхны кино 15 сая ам.долларын төсөвтэй байж дэлхий даяар 116 сая доллар цуглуулсан бөгөөд Оскарын «Шилдэг визуал эффект» шагналыг хүртэж Холливудыг гайхшруулсан юм. Тэр жилдээ Японд нээлтээ хийсэн амьд дүрийн кинонуудаас хамгийн их орлого олж, АНУ-ын зах зээл дээр англи бус хэлтэй кинонуудын дундаас гуравдугаар байрт орсон.

Шинэ кино 1949 онд, өмнөх үйл явдлаас хоёр жилийн дараа өрнөнө. Дайны сүйрэл, мангасын аймшгаас дөнгөж сэргэж буй Японд Годзилла бүрэн эдгэрээд, өмнөхөөсөө ч том, ширүүн болж эргэн ирнэ. Гол дүр Шикишима гэр бүлийн түүх үргэлжилнэ.

Найруулагч, зохиолч Такаши Ямазаки өөрөө энэ удаад ч жолоогоо барьж, визуал эффектийг нь түүний «Широгуми» компани хийжээ. Рюносүкэ Камики, Минами Хамабэ, Хидэтака Ёшиока, Юки Ямада, Куранёсүкэ Сасаки, Сакура Андо нар өмнөх дүрүүдээ үргэлжлүүлж, биологич Канжи Муракамигийн дүрд «Кокухо» киногоор олонд танигдсан Мин Танака шинээр нэгджээ.

Кино нь IMAX форматад зориулан бүтнээр нь зураг авалт хийсэн Японы анхны бүтээл болж байгаагаараа онцлог. Трейлерт харагдах Годзилла уснаас босож ирэх ганц кадрт л гэхэд ойролцоогоор 2 тэрбум усны дусал загварчилсан бөгөөд үүнийг ердөө хоёр визуал эффектийн мэргэжилтэн бүтээсэн гэнэ. Энэ нь өмнөх кино шиг «бага төсвөөр Холливудын түвшний эффект» гэсэн нэр хүндээ хадгалах бололтой.

«Годзилла Минус Зиро» АНУ-д 11-р сарын 6-нд GKIDS-ийн түгээлтээр, тэр дундаа IMAX дэлгэцүүдээр нээлтээ хийнэ. Анхны кино Холливудын том төсөвт «Годзилла»-уудаас илүү магтаал хүртэж байсан тул шинэ бүтээл нь энэ намрын box office-д ямар үр дүн үзүүлэхийг кино сонирхогчид анхааралтай хүлээж байна.

Эх сурвалж: Dark Horizons, TheWrap

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ