![]()
Зураг (хүрэн баавгай): Charles J. Sharp / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх дуудлага, мэдээлэл сүүлийн өдрүүдэд эрс цөөрсөн гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдааны дараа танилцууллаа.
Сайдын хэлснээр өнгөрсөн долоо хоногт өдөрт 50-60 дуудлага ирдэг байсан бол өчигдрийн байдлаар долоон дуудлага бүртгэгджээ. Одоогоор есөн аймагт 1,500 хүнтэй 98 хөдөлгөөнт бүлэг ажиллаж байна. Тэд зарим баавгайг орон нутаг руу нь үргээж, нийт 50 орчим баавгайг аюулгүй болгосон. Харин малчид өвөлжөөндөө буусан тул хүн хүч багатай, аюул хэвээр байгааг сайд онцоллоо.
Аймаг, нийслэлээс ирүүлсэн 10 дугаар сарын 19-20-ны өдрийн урьдчилсан мэдээгээр өнгөрсөн 24 цагт нийт 13 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Нийслэлд нэг хуурамч дуудлага байсан бол орон нутагт Архангай 2, Увс 1, Булган 1, Хөвсгөл 4, Хэнтий 2, Төв 2, Сэлэнгэ 1 буюу долоон аймгаас дуудлага ирсэн. Айл өрхийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож, 2 баавгайг үргээн гаргасан бол таван дуудлагын дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Мөн Хан Хэнтий, Улаантайгын улсын тусгай хамгаалалттай газар болон Хан Хөхийн нурууны байгалийн цогцолбор газарт баавгай орж ирсэн 4 байршлын мэдээлэл бүртгэгдсэн.
Хураангуй мэдээгээр Хөвсгөлд 16, Хэнтийд 10, Сэлэнгэд 8, Увсад 4, Завханд 3, Дархан-Уул болон Төвд тус бүр 2, нийслэл, Архангай, Булганд тус бүр нэг баавгайг аюулгүй болгосон нь нийлбэрээрээ 48 болж байна. Үүнээс Хэнтийд 9, Сэлэнгэд 7, Хөвсгөлд 13 баавгайг зөвшөөрлийн дагуу, харин тус бүр 1, 1, 3 баавгайг аргагүй хамгаалалтаар аюулгүй болгосон гэж мэдээлжээ.
Сайдын хэлснээр зарим баавгай хүйтэрч байгаа ч ичээндээ ороогүй байна. Мэргэжлийн анчид ихэнх нь ичих ёстой гэж үзэж байгаа ч хавар баавгай ичээнээсээ гарахад хоол хайх асуудал дахин үүсэх эрсдэлтэй тул дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргах шаардлагатай аж. Яамнаас дөрвөн багц тендерийн сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд хоёр багцад оролцогч компаниуд шалгарч, гомдол гаргах хугацаа дуусмагц гэрээ байгуулна. Мөн ирэх жил сүүлийн 40 орчим жил хийгдээгүй баавгайн тоо толгойг судлах ажлыг хийхээр бэлтгэж байгаа юм.
скачать dle 12.0