Эмээлт эко паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын суурийн ажил үргэлжилж байна

Улаанбаатарын дулааны цахилгаан станц

Зураг (Улаанбаатарын ДЦС-3, жишээ зураг; Эмээлтийн станц биш): Chinneeb / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд байгуулагдаж буй Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Паркийн ерөнхий инженер Т.Батдондог ажлын явцыг танилцууллаа.

Эмээлт эко парк хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байгуулагдана. Паркийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил энэ оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд БНХАУ-ын «Хуа Зи Технологи» ХХК болон «Хуа Ши Энержи Индастри» ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.

Одоогийн явц

Т.Батдондогийн хэлснээр одоогоор станцын зуух, турбин генераторын барилга, оффисын барилга болон яндангийн суурийн барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу үргэлжилж байна. Зуух, турбины туслах тоноглолын аяган суурийн эхний үеийн бетон цутгалт, хэв хашмал угсралт, босоо баганан суурийн арматур угсралт, зуухны яндангийн суурийн арматур угсралт, оффисын барилгын суурийн хөрс нягтруулалтыг гүйцэтгэж байгаа аж.

Төлөвлөгөөгөөр 2026 оны аравдугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжийн суурийн ажлыг бүрэн дуусгаж, бетон цутгалтыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэхээр тооцоолжээ. Захиалагчийн техникийн хяналтыг Эрчим хүчний үндэсний төв болон паркийн инженер техникийн албаны ажилтнууд хэрэгжүүлж байна. Барилгын ажилд экскаватор, өөрөө буулгагч автомашин, кран, бетон шахуургын насос, бетон зуурмаг тээвэрлэгч миксер автомашин ашиглаж байгаа.

Төсөв, хугацаа

Дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2028 онд дуусгахаар төлөвлөжээ. Нийслэлийн төсвөөс нийт ₮224.6 тэрбум зарцуулахаар баталснаас энэ онд ₮50 тэрбумыг тусгасан байна.

Төсөл бүрэн хэрэгжвэл 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг 6–7 жилийн хугацаанд нөхнө гэж тооцоолжээ. Эмээлт эко аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлаж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхээр төлөвлөж байгаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ