![]()
Зураг (Минск хотын Тусгаар тогтнолын талбай, жишээ зураг): Hanna Zelenko / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн урилгаар 2026 оны 10-р сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд Найрамдах Зөвлөлийн дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана.
Айлчлалын үеэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, спорт, магадлан итгэмжлэл, гааль, харилцаа холбоо зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн Минск хотноо “Монгол-Беларусийн бизнес форум”, “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” үндэсний урлагийн тоглолтыг толилуулна. Монгол Улс, Беларусь Улс 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн ахлах багш, доктор П.Мягмардорж Монгол Улс томоохон хоёр их гүрний дунд оршдог тул гадаад бодлогын сонголтоо аль болох олон байлгах шаардлагатай гэж үзэж байна. Түүний хэлснээр 2026 оны 6-р сарын 1-нд Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын наймдугаар хурал болж, манай тал хүнс, хөдөө аж ахуйн хамтарсан төсөл, машин механизмын угсралт засварыг дурдсан бол Беларусь экспортоо нэмэгдүүлэхийг зорьжээ. Беларусийн экспортын 60 гаруй хувь ОХУ-д очдог тул экспортоо төрөлжүүлэхийг хүсч байж болно гэж тэрбээр тайлбарлав.
П.Мягмардорж Евразийн эдийн засгийн холбооны таван улсад бараа экспортлоход мал эмнэлгийн шаардлага бэрхшээл болдог гэдгийг дурдаад, мал эмнэлэг, вакцинжуулалтын чиглэлээр туршлагатай Беларусьтай хамтран 200 сая хүнтэй зах зээлд гарах боломжийг судлах хэрэгтэй гэжээ.
Олон улсын харилцаа судлаач Г.Тод Беларусь 2020 оноос Азийн зах зээл рүү хандаж эхэлснийг тэмдэглээд, энэ удаагийн айлчлалаар сүүний ашиг шим өндөртэй үхрийн үржүүлэг, ферм байгуулах, генийн сан бүрдүүлэх чиглэлээр хамтрах хүлээлт бий гэсэн. Түүний үзэж байгаагаар Беларусьд Монгол Зүүн Хойд Ази руу гарах зах зээлийн боломж, харин Монголд Беларусь Европын орнуудтай харилцах нэг хаалга болж байна.
Беларусь улс эдийн засгийн хориг арга хэмжээнд багтсан хэвээр байгаа нь хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар П.Мягмардорж геополитикийн төвөгтэй цаг үе үргэлжилж байгааг хүлээн зөвшөөрсөн. Орос, Америк, Украины гурван талт уулзалт 11-р сард болох төлөвтэй байгааг дурдаад, Орос болон Беларусийн эсрэг хориг суларч эхлэх үед бэлтгэлээ хангасан байх хэрэгтэй гэж үзжээ. Тэрээр мөн бизнес эрхлэгчид Беларусийн зах зээлийн онцлогийг судлах хэрэгтэйг хэлсэн.
скачать dle 12.0