Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг УИХ 53.3 хувийн саналаар дэмжлээ

Сэлэнгэ мөрний ай

Зураг (Сэлэнгэ мөрний ай): Aineias / Wikimedia Commons, CC BY-SA 3.0

УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанд хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Тэдний нэг нь Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бөгөөд үзэл баримтлалын хүрээнд дэмжих томьёолол дээр санал хураахад оролцсон 90 гишүүний 53.3 хувь нь дэмжлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Түүнтэй хамт өргөн мэдүүлсэн 12 хуулийн төслийг хэлэлцэхийг мөн гишүүдийн олонх дэмжжээ. Төслийг Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга, С.Бямбацогт нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн.

Төсөл боловсруулагчид усны хэрэглээний ихэнхийг газрын доорх уснаас хангаж байгаа нь нөөцийн тэнцвэр алдагдах, ус хомсдох, экосистем доройтох эрсдэлийг нэмж байна гэж үзэж байгаа аж. Шинэчилсэн найруулга усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдол ба хомсдлоос урьдчилан сэргийлэх, иргэн усаар хангагдах эрхийг баталгаажуулахыг зорьжээ. Ус ашиглах шийдвэрт хүн амын унд, ахуйн хэрэгцээг тэргүүн ээлжинд авч үзнэ. Мөн ус хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах, газрын доорх усыг зориудаар арвижуулах ажлыг дэмжиж, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг нөөцийн хамгаалалтад зарцуулахаар тусгасан. Сав газрын нэгдсэн менежмент, усны эдийн засгийн зохицуулалт, цахим мониторингийн олон улсын туршлагыг Монголын нөхцөлд тохируулан авсан гэж байна.

Харин хуралдаанд зарим гишүүн хууль батлагдвал сөрөг үр дагавар гарч болзошгүйг анхааруулав. Тухайлбал уул уурхайн салбарт газрын доорх цэнгэг усыг ашиглахыг хориглох заалт нь улсын төсөвт хамгийн их орлого оруулдаг Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай зөрчилдөж байна гэж тэд хэлсэн. Одоогийн хэлбэрээр батлагдвал газрын доорх цэнгэг усанд түшиглэсэн уурхай, баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл өөр эх үүсвэргүй бол тасалдах, энэ нь хөрөнгө оруулалт, ажлын байр, экспорт, төсвийн орлогод нөлөөлөх эрсдэлтэй гэж тэд үзэж байна. Төсөл анхны хэлэлцүүлгийн шатанд байгаа тул заалтууд өөрчлөгдөх боломжтой.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ