Сэлбэ дэд төвийн 31 блок орон сууц дулаанд холбогдож, дотор заслын ажил эхлэх боломж бүрдлээ

Улаанбаатарын шинэ орон сууцны байшингууд

Зураг (Улаанбаатарын шинэ орон сууцны байшингууд): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

Сэлбэ дэд төвийн орон сууцны 31 дүгээр блок дулааны эрчим хүч авч эхэллээ. Ингэснээр бэлэн болсон барилгуудын дотор засал, засварын ажлыг өвөл тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн гэж дулааны хяналтын инженер Ц.Төвшинтөр мэдээлэв.

Дэд төвийг Сэлбэ болон Дамбадаржаа гэсэн хоёр эх үүсвэрээс халаахаар төлөвлөжээ. Энэ жил эхний ээлжинд барилгууд Сэлбэ дулааны станцад холбогдож байна. 2021 онд ашиглалтад орсон уг станцыг захирал Ч.Дарханбаатар одоогоор 52 байгууллагыг дулаанаар хангаж байгаа гэж танилцууллаа. Үүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрх, аж ахуйн нэгж багтдаг. Өвлийн бэлтгэлийн хүрээнд станцад урсгал болон их засварын ажил хийжээ.

Халаалтын нэгдүгээр хэлхээ, ус болон дулаан дамжуулах төвүүдийн барилгын ажил 2021 онд дууссан. Харин энэ жил төслийн төлөвлөгөөний дагуу халаалтын хоёрдугаар хэлхээ болон ус хангамжийн шугам сүлжээг үргэлжлүүлэн барьж байна. Ингэснээр 2026–2027 оны халаалтын улиралд бэлэн болсон барилгууд дулаанаа эхнээс нь авч эхэлж байгаа аж.

Хоёрдахь эх үүсвэр болох Дамбадаржаа дулааны станцын хүчин чадал 63 мегаватт. Барилгын ажлыг Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац гүйцэтгэж байгаа бөгөөд 9 дүгээр сарын байдлаар ажлын гүйцэтгэл 70 хувьтай байв. Эхний туршилт, тохируулгыг 12 дугаар сарын сүүлчээр дуусгахаар төлөвлөжээ.

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнэ, багш нарт олгох квот, барилгын явц зэрэг асуудал сүүлийн хэд хоногт олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Дулаанд холбогдсон блокуудын тоо нэмэгдэх тусам орон сууц авсан иргэдийн засал хийх боломж өргөжих юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ