Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Төслийн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зургийг боловсруулж байгаа юм. Тодруулбал, хөнгөн галт тэрэг буюу трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөсөн. Эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн авто зам, 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүрнэ. Трамвайн хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл зуслангийн бүсийг хотын төвтэй холбоно. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар трамвайны нэг, хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард гарна. Хоёрдугаар шугамын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хийж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сард батлуулсан. Энэ хуультай холбоотойгоор Газрын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд орсон. Хуулийн хүрээнд нөлөөлөлд өртсөн айлуудын 70 хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай жишиг үнээр газар чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүтээн байгуулалттай холбоотой газрыг маргааныг таслан зохицуулж байна” хэмээв.