Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр болов.“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжийн төлөвлөлт, хяналтыг сайжруулах нь” сэдвээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан хэлэлцүүлгээр 2009-2024 он хүртэл 15 жилийн хугацаанд он дамнан барилга, угсралтын ажил удаашралтай зогссон болон асуудалтай 51 барилга байгууламж байгаа бөгөөд дээрх зогссон барилга байгууламжуудыг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр анх төсөвт суулгаж гэрээний дагуу 88,2 тэрбум төгрөгийн төсвийг олгосон байгаа талаар асуудал дэвшүүлж ярилцсан юм. Эдгээр 51 барилгын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал байгаа юм байна.