Төрийн ордны хойд талын «Монгол төрийн тамга» хөшөөний суурийг боржин чулуугаар сольж, 11-р сарын 15-нд дуусгана

Монгол төрийн тамганы хөшөө

Зураг (тайлбар: Монгол төрийн тамганы хөшөө, Улаанбаатар): Brücke-Osteuropa / Wikimedia Commons, Public domain

Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах «Монгол төрийн тамга» хөшөөний суурийг шинэчлэх ажил эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтсийн мэдээлснээр, хөшөөний суурь суулт өгч цуурсан бөгөөд 2006 оноос хойш шинэчлэн засварлаагүй байжээ. Үүнийг байгалийн боржин чулуугаар бэхжүүлэхээр болсон аж.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр «Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд Хас буу тамганы хөшөө бий. Уг хөшөөг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан хийсэн. Хөшөөний суурийн хэсэг их муудаж, их хагарсан» гэж тайлбарлав. Тэрбээр тамганы суурийг боржин чулуугаар солих ажлыг Захирагчийн ажлын албанаас хяналт тавин энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгахаар ажиллаж байгааг дурдсан.

Хөшөө буурах уу?

Мэдээллийн эх сурвалжуудын тайлбар бага зэрэг ялгаатай байна. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч суурийг өнөөдөр (10 дугаар сарын 26) нураасан, засварын ажил дуусмагц хөшөөг буцаан байрлуулна гэсэн бол Ч.Мэндбаяр тамганы хөшөөг бүр буулгаж, өөр тийш зөөвөрлөхгүй гэжээ. НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс мөн суурин дээрх тамгыг хүрэл цутгуураар хийж буцаан байршуулна гэж мэдээлсэн.

Хөшөөний тухай

Хөшөөг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон Төрийн ордны хойд талын цэцэрлэгт босгосон. Зураач Д.Наранжавын эх загвараар бүтээсэн уг хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн байдаг. Үүнд Их Монгол Улс, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс, 1924 оны Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ, 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамга багтана.

Засварын ажил хугацаандаа дууссанаар төв талбайн орчмын энэ дурсгалт хөшөө шинэ суурьтай болох юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ