![]()
Зураг (Улаанбаатар, Энхтайваны өргөн чөлөө, жишээ зураг): Chongkian / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
УИХ-ын намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 29-ний хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Хуулийн шинэчилсэн найруулгаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх чиг үүрэг бүхий есөн хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн хамтарсан зөвлөл байгуулахаар тусгажээ.
Сайдын байр суурь
Сайд Т.Аубакир яамны зүгээс кэйстэй очиж ажиллах зорилго тавьж буйг онцолсон. Айл өрхүүдээр ороход хөдөлмөрийн чадвартай хүн яагаад хөдөлмөр эрхлэхгүй, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлздэггүйг зөв тодорхойлохын тулд хуулийн төслийг оруулж ирснээ тэрбээр тайлбарлав. Энэ жил яам 5,000 өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавьж, тодорхой хэмжээний төсөв зарцуулсан гэнэ. Хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүнээс шалтгааныг нь асууж, ажлын байранд зуучлах дасгалжуулагч буюу "көүч"-тэй болгож, цогц үйлчилгээ үзүүлнэ гэв. "Халамж хангалттай гээд орхигдуулж болохгүй" гэсэн байр суурийг мөн илэрхийлэв.
Гишүүний шүүмж
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу халамж авдаг хүмүүсийн тоо хасагдахгүй гэж ярьж буйг онцолж, халамж бол эрх барьж буй намын сонгуулийн хэрэгсэл болсон гэдгийг хууль санаачлагчид хүлээн зөвшөөрч байх шиг байна гэж шүүмжиллээ. Аймаг, дүүрэгт байгуулах хамтарсан зөвлөлийн ашиг сонирхлыг хянах зохицуулалт алга, иргэдийг ялгаварладаг гэсэн гомдол гаргахад яах нь тодорхойгүй гэдгийг мөн дурдлаа. Түүний хэлснээр ажил хийх сонирхолгүй гэгдэж буй хүмүүс Солонгос явах сонирхолтой байдаг, ажлын байр баталгаатай, цалин сайн бол ажил хийх сонирхолтой болно. Иймд сургалтад суулгаж, дасгалжуулагчтай болгосноор эрмэлзэл төрнө гэдэгт яагаад итгэлтэй байгаа вэ гэж асуув.
Сайдын хариулт
Т.Аубакир хамтарсан зөвлөл маш чухал гэдгийг хэлээд, 2007 оноос хойш ард түмний дунд ажиллаж байгаагаа дурдлаа. Эрмэлзэлгүй гэснийг гишүүн эмзэглэсэн байж магадгүй гэсэн тэрбээр энэ нь зөвхөн Монголын биш, дэлхий даяар ажиглагддаг үзэгдэл гэв. Эрмэлзэлтэй, ажил хийж дэвжиж буй олон хүн байгаа ч нөгөө талд үе дамжсан ядуурал бий болсныг тэр онцоллоо. Хүүхдээ сургуульд сургах, эрүүл мэндэд нь анхаарах, халамжийн мөнгө хасагдахад үүнийгээ хэлэх чадваргүй өрх олон байгаа тул бодит байдлыг нуун дарагдуулж болохгүй гэж тэрбээр хэлсэн.
скачать dle 12.0