
Зураг (жишээ зураг, Хэнтийн нурууны байгаль, Нөмрөгийн түймэр болсон газар биш): Ganzorig Gavaa / Wikimedia Commons, CC BY-SA 2.0
Нөмрөгийн дархан цаазат газарт ажилласан мэргэжилтнүүд түймрийн дараах нөхцөл байдлын талаар байр суурио илэрхийлснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, ой судлаач, доктор О.Чулуунбаатар түймэрт өртсөн хусан ойд гадаргуугийн түймэр тогтонги болон гүймэг хэлбэрээр нийлж явагдсан гэж ажиглажээ. Зарим хус модны үндэс гэмтээгүй, титэм нь бүрэн бүтэн тул тэдгээр нь дахин сэргэж ургах боломжтой гэж тэрээр үзэж байна. Харин зарим хэсэг нь сэргэх боломжгүй болсон. Шатаж унасан мод цөөн бөгөөд голдуу гүймэг хэлбэрийн түймэр дайрчээ.
Ургамал судлаач, доктор М.Уртнасан дархан цаазат газрын дөрвөн цэг бүхэлдээ түймэрт өртөж, ургамлан нөмрөг үнс болсныг хэлжээ. Биомасс үлдээгүй тул амьтад өвөл идэш тэжээлийн хомстолд орох вий гэж болгоомжилж байгаагаа тэрээр илэрхийлсэн. Түүний санал болгосноор эхний ээлжинд ургамал сэргэх чадварыг дэмжих мониторингийн судалгаа хийх, үндэс доошоо орсон эсэхийг дээж аваад шалгах шаардлагатай.
Нөмрөгийн ДЦГ-ын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн К.Тэрбиш аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан иргэд гал түймэр гаргасан тохиолдол бүртгэгдээгүй гэжээ. Иргэд тусгай хамгаалалттай газраар зорчихдоо хамгаалалтын захиргаанд заавал ороод маршрутаа тохиролцох, төлбөр хураамжаа төлж, тухайн газрын горим дэглэмийг мөрдөх хэрэгтэйг тэрээр сануулав. Халх голын бүс нутагт жилд гурав хүртэлх машин хээр явж байгаад шатдаг, өвс их ургадаг тул машины янданд өвс орох нь гал гарах гол нөхцөл болдгийг мөн дурдсан.
Нөмрөгийн ДЦГ болон түүний хилээс гадна нийт 504,960.4 га газар шатсан гэж өмнө мэдээлж байсан бол хохирлын дүгнэлт ирэх сарын 6-нд гарна, хугацаа наашлах боломжтой гэж албаныхан мэдэгджээ.
скачать dle 12.0