IRIM судалгааны хүрээлэн өөрсдийн бие даасан бүтээгдэхүүн болох “Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-ныхаа хүрээнд жил бүр нийгмийн ялгаатай бүлгүүдийг зорилтот түүврээр сонгон авч тухайн бүлгийн нийгмийн сайн сайхан байдлыг шинжлэх ухааны арга, аргачлалаар цуглуулсан дата мэдээлэлд тулгуурлан тайлбарлахыг зорьдог билээ. Энэ удаагийн 2023-2024 оны тайландаа бид Улаанбаатар хотод оршин сууж буй иргэдийн амьдралын чанарт үлэмж нөлөө үзүүлж буй агаарын бохирдлын асуудлыг онцолж, үүний нөлөөлөлд хамгийн өртөмтгий бүлгүүдийн нэг болох бага насны хүүхэдтэй ээжүүдийн сайн сайхан байдлыг судаллаа.