Улаанбаатар, Хөх хот ногоон хөгжлийн чиглэлээр өргөн хүрээнд хамтарна

Хөх хотын төв талбай

Зураг (тайлбар: Хөх хотын төв талбай. David Wilmot / Wikimedia Commons, CC BY-SA 2.0)

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод айлчилж, БНХАУ-ын Өвөр Монгол Өөртөө Засах Орны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзан хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Уулзалт Улаанбаатар, Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд болжээ.

Улаанбаатар хотын тал хот төлөвлөлт, хот тохижилт, нийтийн аж ахуйн салбарт туршлага солилцохыг санал болгосон. Мөн эдийн засгийн чөлөөт бүсийн харилцаа эхлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг дурдсан аж. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтрах, хоёр хотын аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог тогтоож, иргэдийн харилцан зорчих, аялах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг хэлжээ.

Хөх хотын Засаг дарга Лянь Дун дээрх саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр хотын гадаад харилцааны болон салбар хариуцсан байгууллагууд нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны саналуудыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэдгийг онцолсон байна.

Уулзалтын төгсгөлд талууд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүүхэд залуучуудын сургалт солилцоо, хот байгуулалт, ногоон хөгжлийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ