![]()
Зураг (Даамын самбар тоглож буй газар, жишээ зураг): Ewan Munro / Wikimedia Commons, CC BY-SA 2.0
БНХАУ-ын Шинтай хотод болж буй даамын өсвөр, залуучуудын дэлхийн аваргад залуучуудын ангилалд өрсөлдсөн 16 настай Дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайханы Даариймаа 6 хожиж, 2 тэнцэж, нийт 14 оноо авлаа. Ингэснээр үндсэн төрлийн тэмцээн өндөрлөхөөс нэг тавилын өмнө аваргалах болзлоо хангасан байна.
Тэрбээр «Алтан хүү» клубт Олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг. Монголын даамчдаас өсвөрийн болон залуучуудын ангилалд дэлхийн аварга цол хүртсэн анхны тамирчин боллоо. Мөн залуучуудын дэлхийн аварга цолд хүрсэн хоёр дахь даамчин болсон бөгөөд эхнийх нь 2023 онд Б.Мөнхжин байжээ.
Дэлхийн даамын холбооны (FMJD) журмаар Э.Даариймаа энэ амжилтаараа Олон улсын мастер (MIF) цолны болзлыг хангаж байна.
Мөн энэ өдөр тэмцээний хамгийн бага насны буюу 8 хүртэлх насны охидын дүн гарчээ. Дэлхийн даамын холбооны мастер Б.Чойсүрэн багшийн удирдлага доор бэлтгэл сургуулилалтаа базаадаг «Элит» клубийн тамирчин, спортын дэд мастер Оюунболдын Гэгээ хүрэл медалийн болзол хангалаа. Түүний хувьд өнгөрсөн ДАШТ-ийн блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан.
Тэмцээний үндсэн төрөл 11 дүгээр сарын 5-ны өдөр өндөрлөж, медалийн эзэд бүрэн тодорно.
скачать dle 12.0