![]()
Зураг (Яармаг орчмын шинэ барилгууд, жишээ зураг): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0
Нийслэлийн төсвийн 2.3 их наяд төгрөгөөр барихаар төлөвлөж байсан Туулын хурдны зам төслийг зогсоосон. Одоо төслийн трассыг өөрчилж, баруун гарцын авто замыг барихаар болсныг нийслэлийн дарга Б.Пүрэвдагва мэдэгдлээ.
Тэрбээр «Одоо Туулын хурдны зам гэдэг ойлголт байхгүй. China Highway компанитай байгуулсан гэрээний хүрээнд өөрчлөлт хийж, түгжрэлийн асуудлыг шийдэх үр ашигтай трассууд буюу баруун гарцын авто замыг 2027 онд барих төлөвлөгөө гарсан» гэжээ.
Шинэ трассын хувьд Наадамчдын гүүрнээс (Яармагийн гүүр) 22-ын товчоо хүртэл зургаан эгнээтэй хурдны зам шинээр баригдана. Б.Пүрэвдагва «Бургас тастаж, байгаль орчныг сүйтгэхгүй» гэдгийг онцлов.
Хотын даргын тайлбарласнаар Улаанбаатараас баруун зүгийн 16 аймаг руу тээврийн хэрэгсэл явдаг. Гамшиг, осол гарвал Сонсголонгийн зам дээр түгжрэх эрсдэлтэй тул 1.8 сая хүн амтай хотын баруун гарцыг зайлшгүй барих шаардлагатай аж.
Мөн баруун гарцад Эмээлтээс Өлзийт хороолол хүртэл 12 км авто зам ирэх онд баригдана. Ингэснээр хотоор заавал дайрахгүй, Төв аймгийн замаар хотыг тойрч гарах боломж бүрдэнэ гэж тэрбээр хэллээ.
Туулын хурдны зам төсөлд зарцуулахаар байсан ₮500 тэрбум төгрөгийг баруун гарцын хурдны замд зарцуулахаар болжээ.
скачать dle 12.0