![]()
Зураг (Сүхбаатарын талбай дахь Чингис хааны хөшөө): xiquinhosilva / Wikimedia Commons, CC BY 2.0
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар «Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай» УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2026 онд Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байгааг төслийн танилцуулгад дурджээ.
Төслийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Түүхэн ойг тохиолдуулан Их Монгол Улсын түүхэн өв, Чингис хааны суу алдар, төрт ёсны өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах, олон улсад сурталчлах, «Монголын нууц товчоо»-нд дурдагдсан үйл явдал болсон газар нутгийг тогтоож мөнхжүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан байна.
Гишүүн Ө.Шижир, Л.Гантөмөр нар асуулт асууж, УИХ-ын дарга С.Бямбацогт хариулт өгөв. Дарга хэлэхдээ, төсөлд Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүждэг тусгай сан байгуулж, түүгээр Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх саналыг боловсруулан УИХ-д танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тусгасан аж.
Гишүүн Л.Гантөмөр Ерөнхийлөгчийн зарлигаар монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залахыг уриалсныг дурдаад «Эш хөргийг архи, тамхи зэрэг бараа, бүтээгдэхүүний шошгод хэрэглэхгүй байх нь зүйтэй» гэж байр сууриа илэрхийлэв. Тогтоолын төслийн 5 дахь дэд заалтад согтууруулах ундаа болон тамхинд ашиглахыг хориглох заалт нэмэх саналыг санал хураалтад оруулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь буюу 12 гишүүн дэмжив.
Дараа нь тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахыг дэмжих эсэхээр санал хурааж, оролцсон 17 гишүүний 12 нь дэмжсэнээр энэ талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт энэ сарын 10-ны өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу Чингис хаан мэндэлсэн өдөр тохиож, улс даяар нийтээр амардгийг дурдаад, мөн өдөр Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан хийхээр захирамж гарсныг мэдэгдэв. Түүнчлэн Тогоонтөмөр хааны үеийн хууль цаазын бичгийн цор ганц хувь БНСУ-д хадгалагддаг бөгөөд үүнийг энэ сард багтаан Монголд авчирч «Чингис хааны музей»-д байрлуулахаар ажиллаж байгаагаа хэллээ.
скачать dle 12.0