Монголд анх удаа тархины харвалтын үндэсний судалгаа хийж байна: Архангай, Хөвсгөлд өвчлөл улсын дунджаас өндөр

Цусны даралт хэмжигч, жишээ зураг

Зураг (Цусны даралт хэмжигч, жишээ зураг): Jacek Halicki / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдрийг Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Олон улсад 2006 оноос, Монголд 2009 оноос энэ өвчнийг таниулах ажлыг эхэлсэн. Тархины харвалтын нийгэмлэг өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, өвчний байдлын талаар мэдээлэл өглөө.

Дэлхий даяар жилд 12–13 сая хүн тархины харвалтаар өвчилдөг бөгөөд тэдний 5 сая орчим нь нас бардаг гэсэн статистик бий. Монголд 100 мянган хүнд дунджаар 200 нь харвалтаар өвчилж байна. Харвалтаар шаналж буй монгол иргэдийн дундаж нас 59 бөгөөд энэ нь бусад улстай харьцуулахад 10 насаар бага гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Мөн дэлхийд эмэгтэйчүүд илүү өвчилдөг бол Монголд эсрэгээрээ, харвалтаар нас барагсдын дийлэнх хувийг эрчүүд эзэлж байгааг нийгэмлэгээс тэмдэглэв.

Анагаах Ухааны Хүрээлэнгийн Мэдрэлийн эмгэг судлалын секторын эрхлэгч Б.Чимэглхам энэ жилийн уриа «Минут бүр үнэ цэнтэй» (Every M1nute Counts) гэдгийг танилцууллаа. Тэрбээр Монгол Улс анх удаа үндэсний хэмжээнд тархины харвалтын судалгаа хийж байгааг дурдаад, урьдчилсан дүгнэлтээр Архангай, Хөвсгөл аймагт улсын дунджаас илүү өвчилж байгааг тогтоосноо хэлэв. Судалгааг бүтэн жил үргэлжлүүлсний дараа илүү дэлгэрэнгүй дүн гарна.

Тархины харвалтын нийт тохиолдлын 80–90 хувьд урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. 2019–2021 онд Улаанбаатар хотын хүн амын дунд хийсэн судалгаагаар хүйтний улиралд тархины харвалт нэмэгддэг нь тогтоогдсон байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд сэрүүн орох үед Улаанбаатарын агаарын бохирдол ихэсдэг нь тэдний нэг. Агаарын бохирдол нь тархины харвалт үүсэх гол хүчин зүйл гэдгийг олон улсын судалгаа баталсан.

Иймд хүйтний улиралд сэргийлэх арга хэмжээг сайн авахыг мэргэжилтэн зөвлөжээ. Артерийн даралтаа өглөө, оройд хэмжиж хэвших, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах зэрэг энгийн арга хэмжээ үүнд багтана.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ