Нийтийн тээврийн автобусыг GPS-ээр хянаж, богино эргэлтээр явуулж байна: тээвэр зохицуулагчийн орон тоог нэмнэ

Улаанбаатарын автобус

Зураг (Улаанбаатарын автобус, жишээ зураг): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

Нийслэлд өдөрт 1,176 нийтийн тээврийн автобус үйлчилдэг ч сүүлийн өдрүүдэд автобус удаан хүлээлгэх болжээ. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн нөхцөл байдлыг сайжруулахаар авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Г.Билгүүний хэлснээр цаг агаарын нөхцөл болон бензиний хомсдлоос шалтгаалж автобусаар зорчих иргэд нэмэгдсэн. 10-р сарын 27-нд 766,000 орчим иргэн автобусаар үйлчлүүлжээ. Харин авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж чадаагүй, шатахууны оочер, түгжрэлээс болж автобусууд нэг чиглэлдээ цаг алдаж байна.

Үүнийг Нийтийн тээврийн бодлогын газар (НТБГ) болон үйлчилгээ үзүүлдэг 17 оператор компанийн тээвэр зохицуулагчид GPS-ээр хянаж, богино эргэлтээр явуулах зохицуулалт хийж байна. 10-р сарын 28-нд 40 орчим автобусыг богино эргэлтээр явуулсан бол сарын хугацаанд 400 орчим удаа тээврийн зохицуулалт хийжээ. Одоогоор НТБГ-ын хоёр тээвэр зохицуулагч 137 чиглэлийг хянадаг тул зарим чиглэл хяналтаас гарах магадлалтай. Иймд нэг ээлжид 4-5 зохицуулагч ажиллуулж, цаг тутамд хянахын тулд орон тоог нэмэхээр төлөвлөж байна.

10-р сарын 27-ны байдлаар нийтийн тээврийн автобусны дундаж хурд цагт 16 км-ээс давж, өмнөхөөсөө нэмэгдсэн байна.

Богино эргэлтээр явуулж буй чиглэлүүд:

1. Туул тосгон - Яармаг
2. Амгалан - Сүхбаатарын талбай
3. Таван шар - Сүхбаатарын талбай

Мөн Туул тосгон чиглэлд нэг автобус нэмж, Туул тосгон - Хангарди чиглэлийг Туул тосгон - Яармагийн 3 дугаар буудал болгон өөрчилж байгааг НТБГ-ын дарга мэдээлэв. Нийслэлд иргэдийн санал хүсэлтэд үндэслэн эрэлттэй чиглэлд 20 автобус нэмж үйлчилгээнд гаргана. Ирэх онд нийтийн тээврийн парк 156 шинэ автобусаар шинэчлэгдэх юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ