Калифорнийн Бэй Эриа дата төвийн барилгад түр хориг тогтоож, завсрын сонгуулийн сэдэв болгожээ

Оуклэнд хотын захиргааны барилга, Калифорни

Зураг (жишээ зураг: Оуклэндийн хотын захиргааны барилга): Almonroth / Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Хиймэл оюуны хөгжлийн төв гэж үздэг Калифорнийн Сан-Францискогийн Бэй Эриагийн дор хаяж долоон хот дата төв барихыг түр хориглосон байна. Эдгээрийн дотор Сан-Франциско, Ричмонд, Оуклэнд багтана. Оуклэнд 10-р сарын 6-нд, олон хоногийн жагсаалын дараа түр хориг тогтоожээ.

Оуклэнд хотын захиргааны өмнө картон робот шиг хувцасласан жагсагчид барабаны хэмнэлд уриа лоозон хэлж, шинэ дата төвийг эсэргүүцсэн. Тэдний санаа зовнилын гол нь дата төв эрчим хүчний сүлжээнд ачаалал үүсгэж болзошгүй, цахилгааны үнэ өсөх вий гэдэг юм. «Хүрээлэн буй орчны шударга ёсны төлөө» (Communities for a Better Environment) байгууллагын идэвхтэн Карлос Гутьеррес «Оуклэндэд цахилгааны үнэ маш их өссөн тул зарим хүн цахилгаанаа салгах бодолтой байна. Харин хот дата төвд цахилгаан нийлүүлэхээр төлөвлөж байна» гэжээ.

Пью судалгааны төвийн мэдээлснээр АНУ-д 3,000 гаруй дата төв ажиллаж, 1,500 гаруй нь бүтээн байгуулалтын шатандаа байна. Дата төв 24 цагийн эрчим хүч, хөргөлтөд их хэмжээний ус шаарддаг бөгөөд нутгийн газрын гадаргын температурыг 9 хэм хүртэл нэмэгдүүлж болдог гэсэн судалгаа байдаг. Октябрийн CNBC-ийн санал асуулгаар АНУ-ын бүртгэлтэй сонгогчдын 63 хувь нь гэрээсээ 16 км-ийн дотор дата төв барихыг эсэргүүцдэг байна.

Түр хориг Сан-Франциско, Брисбэн, Оуклэнд хотод 45 хоногийн хугацаатай бөгөөд сунгах боломжтой. Сан-Францискогийн хотын төлөвлөлтийн дүрэмд дата төвийг 2001 онд «интернэт солилцооны төв» хэмээн тодорхойлсон байдаг. Тус хотын хяналтын зөвлөлийн гишүүн Шаманн Уолтон «Бид 2001 оны дүрмээр 2026 оны технологийг зохицуулж болохгүй» гэжээ. Хүрээлэн буй орчны хуульч Рожер Лин «45 хоног нь нөлөөллийг судалж, зохицуулалт боловсруулахад хүрэлцэхгүй» гэв.

Нэнси Пелосигийн суудлын төлөөх өрсөлдөөнд ч энэ сэдэв орсон. Пелоси 39 жил Төлөөлөгчдийн танхимд ажилласны эцэст энэ оны эцэст тэтгэвэрт гарна. Ардчилсан намын хоёр нэр дэвшигч Сан-Францискогийн зөвлөлийн гишүүн Конни Чан, мужийн сенатор Скотт Винер сонгуульд өрсөлдөж байна. Винер дата төвийг хориглохыг эсэргүүцэж, Чан хиймэл оюуны зохицуулалт бий болтол нийтээр түр хориг тогтоохыг дэмждэг. 10-р сарын дундах USC-ийн санал асуулгаар Винер 47, Чан 41 хувьтай байв.

Эх сурвалж: Al Jazeera, 2026.11.3

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ