![]()
Зураг (Улаанбаатар хотын замын хөдөлгөөн): Mongolia Expeditions… / Wikimedia Commons, CC BY 3.0
Нийслэлийн нийтийн тээврийн автобусны хүлээгдлийн хугацаа сүүлийн үед уртсаж, иргэдийг бухимдуулсаар байна. Энэ байдлыг зохицуулахаар ажиллаж буй Шуурхай штабын хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд автобусны дундаж хурд 16.7 км/цаг болж нэмэгдсэн гэж албаныхан мэдээллээ.
Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээлэл өглөө. Түүний хэлснээр нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдөр 1,186, амралтын өдөр 1,081 автобус зорчиж, өдөрт ойролцоогоор 670,000 иргэн үйлчлүүлж байна.
Шуурхай штаб нь Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн бодлогын газар, Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдаас бүрдсэн. Авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусны зориулалтаар чөлөөлсөн нь хурдыг нэмэгдүүлсэн гол арга хэмжээ гэж мэргэжилтэн тайлбарлав.
Мөн 10 дугаар сарын 28-наас эхлэн автобусны тоог нэмсэн. Үүний үр дүнд эрэлт ихтэй чиглэлд зорчигчийн урсгал 6 хувиар нэмэгдэж, иргэдээс ирүүлэх санал, гомдол 7 хувиар буурсан байна.
Автобусны дундаж хурд нь иргэний хүлээх хугацаа, замд зарцуулах цагтай шууд холбоотой үзүүлэлт юм. Албаныхан тоон үзүүлэлт сайжирсан гэж мэдэгдэж байгаа ч бодит байдал дээрдсэн эсэхийг өдөр бүр автобусаар зорчдог иргэд өөрсдөө үнэлэх болно.
скачать dle 12.0