![]()
Зураг (Лайпцигийн их сургуулийн Паулинум): Dguendel / Wikimedia Commons, CC BY 4.0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европ тивийн гурван улсад — Герман, Финланд, Беларусь — төрийн айлчлал хийсэн. Айлчлал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас эхэлсэн бөгөөд Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн 2024 онд Монголд хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал болсон юм.
Энэ жил Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагаанд 100 жил болж буй нь айлчлалд онцгой утга өгчээ. Хоёр улс 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоож, 2008 онд "Иж бүрэн түншлэл", 2024 онд "Стратегийн түншлэл"-ийн харилцаанд хүрсэн.
Төрийн тэргүүнүүд "Хамтарсан тунхаглал" байгуулж, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлов. Үүнд эрдэм шинжилгээ, оюутны тэтгэлэг, мэргэжлийн боловсрол, Зэвсэгт хүчний сургалт, сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийн шилжилт багтсан. Мөн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах боломжийг судлах, Франкфурт ам Майн хотод Монголын Ерөнхий консулын газар нээхээр боллоо. Монголбанк, Германы Холбооны банк хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ.
Монгол-Германы бизнес форумд хоёр орны 270 гаруй төлөөлөгч оролцож, нийт 6 гэрээ, санамж бичиг байгуулсан бөгөөд үүнээс 35.5 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээ байна. "GR Precast" ХХК Германы "CBS Home" компанитай хөнгөн бетон угсармал эдлэлийн үйлдвэр байгуулахаар, "Blackbox Energy", "smartOPS" компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар баримт бичиг солилцов. "Хүнс Комплекс" ХХК Германы "Poly-clip System", "Eberhardt" компаниудтай бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Лайпцигийн их сургуульд зочилж, Д.Нацагдорж болон Германы монголч эрдэмтэн Эрих Хэнишид зориулсан дурсгалын самбар, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцсон. Берлин хотод "Чингис хаан ба монголчуудын ертөнц" үзэсгэлэн нээгдсэн нь мөн энэ айлчлалын онцлох арга хэмжээ байв.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн ахлах багш, Олон улс судлалын доктор П.Мягмардорж Германыг түүх, сэтгэлгээ, иргэд хоорондын харилцааны хувьд Монголын чухал "гуравдагч хөрш" гэж үзэж байна. Түүний хэлснээр 2011 онд ашигт малтмал, технологийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, Ашигт малтмал, технологийн хамтарсан дээд сургууль байгуулагдсан ч уул уурхай, аж үйлдвэрийн салбарт бодитой хамтарсан төсөл хэр хэрэгжсэнийг эргэн харах шаардлагатай. Байгуулсан гэрээ, хэлэлцээрийг ажил хэрэг болгох нь Монголын талаас шалтгаална гэж тэрбээр онцлов.
скачать dle 12.0