Үндэсний оношлогоо эмчилгээний төвд иргэд даатгалаар харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжтой



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаа болон “COVID-19” халдварын бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалгаж ажиллалаа.
Шинэ төрлийн коронавирусын халдварын үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй эмнэлгийн нэг бол Улсын хоёрдугаар төв эмнэлэг юм. Тус эмнэлэг нь өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллах хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлэх 280 ор гаргах нөөц бололцоотой аж. Коронавирусын халдварын энэ үед 100 орыг бэлэн байдалд байлгаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрүүл мэндийн салбар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага болон ялангуяа ард иргэдийн ухамсартай үйл ажиллагааны үр дүнд бид өнөөдөр коронавирусыг улсын хэмжээнд хяналтдаа авч чадсан. Иргэд онгоцоор, хилээр орж ирсэн хүмүүсээс л коронавирусын шинжилгээ авч байна гэж ойлгож болохгүй. Бид иргэд, олон нийтээс түүврийн журмаар шинжилгээ авч, нийгэм дэх тандалтын судалгааг тогтмол хийж байгаа юм. Ард иргэд ч өөрсдөө хувийн хамгааллаа сайн хийхийн сацуу бие биедээ шаардлага, хяналтаа маш сайн тавих хэрэгтэй” гэв.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал С.Энхболд “Эрүүл мэндийн харьяа байгууллагаас хамгийн анхлан урьдчилан сэргийлэх төвийг нээгээд байна. Төвийн хувьд аппарат, тоног төхөөрөмжийг цогцоор нь шийдвэрлэж чадсан. Өвчтөн бүх шинжилгээ, оношлогоог цогцоор нь бүрэн хийлгэх боломжийг бүрдүүлж өгсөн. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалаар харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх боломжтой дэмжих төв байгаа” хэмээн онцоллоо.  
Өдөрт 150 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд амны хаалт, хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэж буй “Мөнхийн тун” ХХК-ийн ажлын явцад хяналт тавьж, ажиллалаа.

“Шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерт “Мөнхийн тун” ХХК шалгарч, эмнэлгийн нэг удаагийн амны хаалт, комбинзон, нэг удаагийн халад, улавч, малгай, усны гутал, повидон иодын уусмал зэрэг 12 нэрийн хоёр тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлэн ажиллаж байгаа юм. Тус үйлдвэр нь амны хаалт үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт 150 мянган ширхэг маскийг үйлдвэрлэж байгаа болохыг “Мөнхийн тун” ХХК-ийн  Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг хэлж байсан юм. Мөн 250 гаруй ажиллагсадтай бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед нэмэлтээр 100 хүн авч ажиллуулж байгаа аж.    
Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр “Улсын онцгой комиссоос хил хаах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийг хамарсан уулзалт, цугларалтыг хорих, хөл хорионы дэглэмийг авах зэрэг арга хэмжээг шуурхай авч, цаг алдалгүй ажилласны үр дүнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж чадаж байна. Гэхдээ нөгөөтэйгүүр зарим үйл ажиллагааг бид чөлөөтэй болгож байгаа. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл бид цаашид үйл ажиллагаануудыг хааж, зогсоохыг үгүйсгэхгүй. Дэлхий дахинд нөхцөл байдал хүнд байгаа учир бид дор бүрнээ маскаа зүүж, урьдчилан сэргийлэх ёстой байна” хэмээсэн юм.   
 
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. shearia

    https://buysildenshop.com/ - Viagra

Next Post
  • Шинэ мэдээ