Зуны цагийг жил бүр хэрэглэх тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Хосбаяр санаачиллаа

Зураг (жишээ зураг): U.S. Air Force / Wikimedia Commons, Public domain

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр “Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж, d.parliament.mn сайт дээр иргэдээс санал авч эхэллээ. Тогтоолын төсөл батлагдвал жил бүрийн зуны улиралд цагаа урагшлуулж байхыг Засгийн газарт даалгана.

Төслийн үндсэн заалт

Төслийн дагуу 2027 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулна. Харин есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар буцаан стандарт цагт шилжүүлнэ. Энэ үед ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөхөөр заажээ.

Засгийн газар тээврийн цагийн хуваарь, мэдээллийн систем, ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тооцоо болон эрүүл мэндийн зөвлөмжийг уялдуулах ажлыг хариуцна. Анх цаг шилжихээс 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлж, цаашид цаг өөрчлөгдөх бүрд урьдчилан сануулахаар тусгасан байна.

Санаачлагчийн үзэж буй давуу тал

Тогтоолын төсөл санаачлагчийн үзэж буйгаар ажлын дараах гэрэлтэй цагийг гэр бүл, хүүхэд, спорт, амралт, хувийн аж ахуйд ашиглах боломж нэмэгдэнэ. Мөн худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, соёл, амралтын үйл ажиллагааг дэмжиж, байгалийн гэрлийг түлхүү ашигласнаар гэрэлтүүлгийн цахилгаан хэрэглээг хэмнэх боломж бүрдэнэ гэжээ.

Одоогоор энэ нь тогтоолын төсөл бөгөөд УИХ батлаагүй байна. Иргэд саналаа d.parliament.mn сайтаар илэрхийлэх боломжтой.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ