![]()
Зураг (Имралы арлыг нисэх онгоцноос харсан байдал): Kadı / Wikimedia Commons, CC BY 4.0
Турк улс шоронд хоригдож буй Курдистаны Ажилчдын намын (ПКК) үүсгэн байгуулагч Абдулла Оджаланыг өөрийг нь 27 жил хорьсон арлын шоронгийн шинээр баригдсан хэсэгт шилжүүлсэн гэж Курдуудыг дэмждэг парламентын гишүүд мэдэгдлээ. Тэд Анкарад зогсонги байдалд орсон энх тайвны үйл явцыг түргэтгэхийг уриалсан байна.
Оджаланд тогтмол айлчилдаг “Ард түмний тэгш байдал, ардчиллын нам” (DEM)-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтдаг Митхат Сансар Бямба гарагт Курдын “Медя Хабер ТВ”-д өгсөн ярилцлагадаа шилжүүлэлтийг баталгаажуулсан. Тэрбээр энэ нь хоёр сарын турш түр зогссон энх тайвны үйл явцыг түргэтгэх шаардлагатай болгож байна гэж үзэж, “Үйл явц нэг талын хүлээлт, шаардлагаар урагшлах боломжгүй” гэжээ.
DEM намын өөр нэг улс төрч Первин Булдан Ням гарагт Оджалан өөрөө шилжсэнээ мэдэгдсэн гэж хэлсэн ч түүний ач холбогдлыг багасгаж, “Энэ шинэ байгууламж бол шоронгийн нэг хэсэг, шоронгоос гадуурх газар биш. Статусын асуудлыг зөвхөн Оджалан энэ байршил руу шилжсэнээр тодорхойлж болохгүй” гэв. Эрбил хотод төвтэй “Курдистан24” телевиз уг байгууламжийг Имралы арал дээр Оджаланд зориулан барьсан шинэ байшин хэмээн тодорхойлж, энэ шилжүүлэлтийг түүнд энх тайвны үйл явцад илүү идэвхтэй үүрэг олгох бэлтгэл гэж үзэж байгааг дурджээ. Оджаланы хорих нөхцөлийг сайжруулах нь курдуудын гол шаардлагын нэг байсаар ирсэн.
ПКК-г 1978 онд Оджалан болон бусад хүн үүсгэн байгуулсан. Анх тусгаар курд улс байгуулахын төлөө тэмцэж байсан тус байгууллага хожим автономи болон Туркийн курдуудын илүү их эрхийг шаардах болсон. Туркийн хүн амын 15-20 хувийг курдууд эзэлдэг гэсэн тооцоо бий. ПКК 1984 онд Туркийн засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл эхэлсэн бөгөөд Турк, АНУ, Европын Холбоо үүнийг “террорист” байгууллагад тооцдог. Мөргөлдөөнд 40,000 гаруй хүн амиа алдсан. Оджаланыг 1999 онд баривчилснаас хойш Мармара тэнгис дэх Имралы арал дээр хорьж байна.
Оджалан өнгөрсөн жилийн хоёрдугаар сард ПКК-г татан буулгаж, зэвсгээ хураахыг уриалсан бөгөөд тус байгууллага тавдугаар сард татан буугдсанаа зарласан. Туркийн парламент наймдугаар сард ПКК-гийн гишүүдэд хязгаарлагдмал өршөөл үзүүлэх хууль баталсан. ПКК-гийн удирдлага энх тайвны үйл явцын хүрээнд Оджаланыг суллахыг удаа дараа шаардсаар байна.
Эх сурвалж: Al Jazeera, AFP (2026.11.2)
скачать dle 12.0