Зураг (Улаанбаатар хотын замын хөдөлгөөн): Yaan / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдааныг 11 дүгээр сарын 9-ний 10:00 цагт хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар нийт 19 асуудлыг хэлэлцүүлэгт оруулахыг зөвлөлийн гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хэлэлцэх асуудлын нэг нь авто зам ашигласны төлбөрийн зохицуулалт. НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолд нэмэлт оруулж, долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан өдрийн тоотой хувь тэнцүүлэн дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцохоор санал болгожээ. Ингэхдээ COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн тэгш, сондгой дугаарын түр хязгаарлалтад хамрагдсан 14 хоногийн төлбөрийг хасах аж.
Сануулахад, нийслэлд энэ оны найм, есдүгээр сард нийт 28 хоног тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулсан. Энэ зохицуулалтын дагуу иргэд 14 хоног машинаа унаагүй тул үүнийг 2027 оны авто зам ашигласны төлбөрөөс хасна гэж нийслэлийн удирдлагууд мэдээлсэн.
Хоёр дахь асуудал нь хотын албан татвар. Нийслэлийн нутаг дэвсгэрт үзүүлж буй зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалгын болон авто үйлчилгээний зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах хотын албан татварын хувь хэмжээг одоогийн 2 хувиас 1 хувь болгон бууруулах өөрчлөлтийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр санал болгожээ.
Мөн эхний есөн сарын эдийн засгийн үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Эдийн засгийн үзүүлэлтээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.3 хувь, валютын нөөц 8.897 тэрбум ам.долларт хүрсэн гэж тусгагджээ.
скачать dle 12.0