Улаанбаатарын агаарын бохирдлыг 2030 он гэхэд 55 орчим хувиар бууруулах 14.9 их наядын төлөвлөгөөг танилцууллаа

Зураг (жишээ зураг, Зайсан толгойгоос харагдах Улаанбаатар): Einar Fredriksen / Wikimedia Commons, CC BY-SA 2.0

Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр 2026-2030 оны хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Баттүшиг танилцууллаа.

Төлөвлөгөөний төсөлд долоон бүлэг, 58 арга хэмжээг тусгасан бөгөөд нийт 14.9 их наяд төгрөгийг төсөвлөх санал ирээд байна. Төлөвлөгөө батлагдвал УИХ-ын 53, 57, 119 дүгээр тогтоолын хэрэгжилт хангагдахаас гадна агаарын чанарын үзүүлэлтийг олон улсын стандарт түвшинд хүргэхээр зорьж буйг Б.Баттүшиг хэлсэн.

Бохирдлын эх үүсвэр

Японы ЖАЙКА байгууллага 2022 онд Улаанбаатарын агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа хийсэн. Үүгээр гэр хороолол 55.6 хувь, хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашин 28.9 хувь, бусад эх үүсвэр (усан халаалтын зуух, бага оврын зуух, ДЦС-ын үнсэн сан) 15.5 хувийг эзэлж байна. Агаарын чанарын хяналт шинжилгээний сүүлийн хоёр жилийн үзүүлэлтийг харьцуулахад дунджаар 30 орчим хувийн бууралт ажиглагдаж байгаа аж. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2028 оны зорилтот түвшин хүртэл бохирдол өмнөх жилүүдээс 50 орчим хувиар буурах прогноз гарчээ.

Харин 2026 оны есдүгээр сарын байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад азотын давхар исэл 14 хувь, хүхэрлэг хий 37 хувь, PM10 тоосонцор 33 хувиар тус тус буурсан бол PM2.5 тоосонцор 23 хувиар өссөн байна.

Долоон бүлэг, арга хэмжээ

Хууль эрх зүйг боловсронгуй болгох 12 арга хэмжээнд 105 сая төгрөг, хатуу түлшний хэрэглээг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулахтай холбоотой есөн арга хэмжээнд 4.7 их наяд төгрөг, цахилгаан, дулаан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх 17 арга хэмжээнд 9.8 их наяд төгрөг тусгагджээ. Мөн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах 10 арга хэмжээнд 132 тэрбум төгрөг, агаарын чанарын хяналт шинжилгээний хоёр арга хэмжээнд 42.8 тэрбум төгрөг, барилгын дулаан алдагдлыг багасгах, ногоон технологи нэвтрүүлэх дөрвөн арга хэмжээнд 8.3 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрдүүлэхээр төлөвлөжээ. Авто тээврийн бохирдлыг бууруулах дөрвөн арга хэмжээг олон улсын зээл тусламж, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Цаашдын алхам

Б.Баттүшиг хэлэлцүүлгийн дараа төлөвлөгөөг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын саналыг дахин тусгана гэв. Тэрбээр “Төлөвлөгөө бол ажлын хэсгийн мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй” хэмээн онцолж, хэрэгжих боломжтой, төсөвтэй, хариуцах эзэнтэй, хяналтын механизмтай байх ёстойг хэллээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр агаарын чанарын үзүүлэлт өнөөдрийн суурь түвшнээс 2030 он гэхэд 55 орчим хувиар буурна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ