![]()
Зураг (жишээ зураг, Улаанбаатар дахь Нэгдүгээр төв эмнэлэг): Chongkian / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 15 га газар дээр Хавдар судлалын хоёрдугаар төвийг барихаар болоод байна. Эмнэлгийн гадна талын 6 га талбайг тохижуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьд хүрсэн гэж Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын газар мэдээллээ.
Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаяр “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн гадна тохижилтын ажил 90 гаруй хувьтай байна. 8,500 м.кв талбайд зүлэгжүүлэлт хийж, 5,000 гаруй мод бут сөөг тарилаа. Үүнээс 3,000 гаруй нь тарваган шийр, монос, агч мод зэрэг эмийн гаралтай ургамал” гэж мэдээллээ.
Тохижилтын ажлын хүрээнд 6 га талбайд 3,680 м.кв явган хүний зам тавьж, сандал, хог ангилан ялгах орчин үеийн шийдэл бүхий 76 ширхэг хогийн савыг байрлуулсан байна.
Тохижилтын ажил бүрэн дууссаны дараа арчлагч байгууллагад хүлээлгэж өгнө. Харин эмийн гаралтай ургамал болон бут сөөгийг 3 жилийн баталгаат хугацаанд арчлах ТББ-тай хамтарч ажиллах саналыг Эрүүл мэндийн яамтай тохирно гэж Ц.Ариунбаяр хэлсэн.
Явган хүний гүүр, гэрэлтүүлэг, амрах чулуун тавцан, хүүхдийн тоглоом суурилуулалт, сүүдрэвч, камерын хяналтын систем, тохижилтын талбайг хамгаалсан 440 метр урт үерийн суваг бүхий эмнэлгийн гадна тохижилтыг энэ оны 11 дүгээр сарын 15-нд Улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.
скачать dle 12.0